ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕР ЗАРЛАГДЛАА

2021.01.25
Thumb

Баруун бүсийн болон эрчим хүчний нэгдсэн системийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, бүсийн эрчим хүчний системийн горим тохируулгын үүрэг гүйцэтгэх, эрчим хүчний системийн аюулгүй байдлыг хангах, импортын эрчим хүчний хэмжээг багасган бүс нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны 05 дугаар сарын  30-ны өдрийн ЗГ-ын 160 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн Газраас Монгол Улсын  Засгийн газарт олгох 1 тэрбум ам. долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийг оруулсанаар санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн.

Эрдэнэбүрэнгийн УЦС нь  90МВт Суурилуулсан хүчин чадалтай ажиллаж  жилийн нийт үйлдвэрлэл нь 366 сая.кВт.цаг байх бөгөөд энэ нь баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангаж их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ. 

 Баруун бүсийн нэгдсэн сүлжээний 2019 оны цахилгаан эрчим хүчний хэрэглээ 172.3 гаруй сая кВт/цаг  байсан ба үүний 26%-ийг Дөргөний УЦС-аас, 74%-ийг ОХУ, БНХАУ-аас импортлосон эрчим хүчээр хангаж байна.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн шинэчлэсэн Техник эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын тал хүлээн авч тендерт оролцох 3 компаний нэрсийг ирүүлсэний дагуу төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Эрчим хүчний яам 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зарлалаа.